2016 оны сонгуулийн жилд улсын нэгдсэн төсөв 3.6 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2020 оны сонгуулийн жилд улсын нэгдсэн төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөг болж нэмэгджээ
“Сонгууль, түүхий эдийн үнийн хэлбэлзэл” гэсэн цөөн үгээр дөрвөн жилийн цикл бүхий Монгол Улсын эдийн засгийг товчхон тодорхойлж болно. Тэгвэл төсвийн сахилга бат сүүлийн жилүүдэд ямар байдалтай байсныг эргэн санацгаая.
20 жилийн 15-д нь…
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 20 жилийн 15-д нь алдагдалтай байсныг албан тоо баримтуудаас харж болохоор байна. Тэр дундаа сонгуулийн жилүүдэд төсвийн зарцуулалт өмнөх жилүүдээсээ эрс нэмэгдэж, батлагдаж байв.
Тухайлбал: 2012 оны сонгуулийн жилд улсын нэгдсэн төсөв 1.1 их наяд төгрөг, 2016 онд 3.6 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол харин 2020 оны сонгуулийн жилд улсын нэгдсэн төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөг болж нэмэгджээ.
Тогтвортой байдлын тухай “Тогтворгүй” хууль
УИХ 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, төсвийн сахилга бат, алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцах стандартыг тогтоож өгсөн. Хэдий тийм боловч УИХ дээрх хуульд сүүлийн 10 жилийн хугацаанд есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бонд гаргасаар ирсэн. 2015 оноос хойш Засгийн газрын өр хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг давсан болохыг Эдийн засгийн судалгаа, шинжилгээний төвийн судалгаанд дурдсан нь бий.
Өрөөр санхүүжүүлдэг эдийн засаг
Засгийн газар зарлагаа нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн үзүүлэлтүүд, түүхий эдийн үнэ болон экспортын тоо хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлдгийг шинжээчид сануулсаар байна. Илүү том зургаар харвал эдийн засаг өссөн ч өрөөр санхүүжүүлж байгааг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Захирал Б.Түвшинтөгс шүүмжилж байв. Мөн Монгол Улсын нүүрсний гарц зорилтот хэмжээнээсээ 10 хувиар багасахад төлбөрийн тэнцэлд ДНБ-ий 4 хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрахаар байгааг Fitch мэдээлж буй юм.