Дэлхий нийтээр анх удаа бүх төрлийн чулуужсан түлшнээс цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжихээр тохиролцлоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод 13 хоног үргэлжилсэн НҮБ-ын уур амьсгалын чуулган COP28 өчигдөр өндөрлөлөө.

Чуулганы сүүлчийн өдөр дэлхийн 200 орчим улс анх удаа бүх төрлийн чулуужсан түлшнээс цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжихээр тохиролцсон байна.

Чулуужсан түлш нь эрт галавын ургамал, амьтны чулуужсан үлдэгдлээс үүсэлтэй газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг түлш юм.

НҮБ-ын уур амьсгалын чуулган 28 жилийн түүхэндээ анх удаа бүх төрлийн ийм түлшнээс шат дараатай шилжих тохиролцоонд хүрч байна.

“Та бүхэн ахиц дэвшил гаргаж, та бүхэн уян хатан байж, та бүхэн хувийн эрх ашгийн өмнө нийтийн эрх ашгийг тавилаа” гэж COP28-ын ерөнхийлөгч Султан Аль Жабер шийдвэрийг танилцуулахдаа мэдэгджээ.

Арабын Нэгдсэн Эмират Улс дэлхий ертөнцөд “өөрчлөлт” авчрах үүрэг гүйцэтгэсэндээ бахархаж байгааг тэр энэ үеэр хэлсэн юм.

“Дэлхий нийтээрээ шинэ арга зам хайх хэрэгтэй болсон билээ. Алтан гадас одыг дагаснаар бид энэ шинэ замыг оллоо” гэж Жабер хэлсэн нь дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх ерөнхий зорилгоо чигийг заагч одтой зүйрлэсэн хэрэг байв.

Гэхдээ гэрээний анхны хувилбарт “татгалзах” гэсэн илүү эрс шийдэмгий үг хэллэг байсныг зарим улс орнууд эсэргүүцсэн тул “шилжилт” болгон өөрчилжээ.

“Эрчим хүчний системд чулуужсан түлшнээс шилжих шилжилтийг тэгш шударга, эмх цэгцтэй байдлаар хэрэгжүүлж, 2050 он гэхэд шинжлэх ухаанд суурилсан тэг цэгт хүрэхийг уриалж байна” гэж гэрээнд тусгасан байна.

“Тэг цэг” нь дэлхийн агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ, буцааж шингээх хүлэмжийн хий хоёрын хэмжээ тэнцвэржих цэгийг хэлж байгаа.

Дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч Хятад улсын байгаль орчны дэд сайд Зао Инминь “Хөгжингүй улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд түүхэн, маргашгүй хариуцлага хүлээдэг тул дэлхийн бусад улсуудын Цельсийн 1.5 хэмд хүрэх замд манлайлах ёстой” гэсэн нь өндөр хөгжилтэй улс орнуудад илүү хариуцлага үүрэхийг уриалсан хэрэг байв.

Европын Холбооны уур амьсгалын асуудал хариуцсан тэргүүн Вопке Хоекстра “30 жилийн түүхэндээ бид анх удаа чулуужсан түлшний төгсгөлийг эхлүүлж магадгүй боллоо” гэж хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Кэрри “Энд байгаа хүн бүрд таатай мэдрэмж төрж байгаа. Бүгдийг нэгтгэсэн хамтын ажиллагааны хүчийг би биширч байна” гэж мэдэгджээ.

“Хамгийн эгзэгтэй энэ арванд бид яаралтай арга хэмжээ авч, 2050 он гэхэд хүлэмжийн хийн тэг цэгт хүрэх олон талт хэлэлцээрт хүрсэн нь дэлхий дахинд сонордуулах сайн мэдээ юм. 2030 он гэхэд дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг хүлээлээ. Энэ нь чулуужсан түлшнээс татгалзахад чухал түлхэц өгөх болно” гэж Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Фон дер Ляйен мэдэгдсэн байна.

Газрын тос, байгалийн хий, нүүрс нь нийлээд дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын дөрөвний гурвыг үүсгэдэг.

Одоо дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн эхэн үетэй харьцуулахад Цельсийн 1.2 хэмээр нэмэгдээд байгаа.

Судлаачид 2023 оныг дэлхийн сүүлийн 100,000 жилийн түүхэнд хамгийн халуун жил болно гэж үзэж байна.

Дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтыг 2015 онд Парист зохион байгуулагдсан уур амьсгалын чуулганаар баталсан юм. Зарим судлаачид чулуужсан түлшийг хориглох эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол энэ зорилтод хүрэх боломжгүй гэж үздэг.

Эх сурвалж: AFP