Монголбанк 11 дүгээр сард 2.6 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх сараас 21.4%-иар, есдүгээр сараас 10.4%-иар өссөн үзүүлэлт юм.
Харин оны эхнээс өссөн дүнгээр Монголбанкны үнэт металл худалдан авалт 19.9 тонн болж, 2021 оны хэмжээнд дөхөж очжээ. Засгийн газраас алт олборлолтын хэмжээг энэ онд 20 тонн байхаар тооцоолоод байна. Оны эхний 10 сарын байдлаар гүйцэтгэл нь 86% буюу 17.2 тонн байгаа аж.
Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,780.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,332.0 кг үнэт металл худалдан авчээ.
Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд алт худалдан авалтын хэмжээг ихэсгэх зайлшгүй шаардлага бидэнд бий. Алт тушаалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд “Алт-2” хөтөлбөрийн санхүүжилтийг үргэлжлүүлэн олгохоор болсон. Харин алтны салбараас улсын төсөвт 206.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.5%-иар өссөн дүн юм.
11 дүгээр сард Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ 197 мянга 545 төгрөг байжээ. Алт худалдан авах үнэ он гарсаар тогтмол өссөн дүнтэй байна.