Гадаад валютын нөөц $2.9 тэрбум болж, өмнөх сараас 5.3 хувиар өсөв

Гадаад валютын албан нөөц 11 дүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 5.3 хувиар өссөн байна. Гадаад валютын нөөц хэдийгээр өмнөх сараасаа өссөн ч өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар буурчээ.

Энэ онд гадаад валютын нөөцийн хэмжээ эрчимтэй буурсан байна. Наймдугаар сард 2.7 тэрбум ам.доллар хүрсэн нь энэ үзүүлэлтийг тооцоолж эхэлснээс хойших хамгийн доод түвшин боллоо. Хэдий тийм боловч IX, X саруудад эргээд бага зэрэг өсжээ.

Саяхан Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын үлдэгдэл төлбөрийг төлсөн юм. Ингэснээр “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдуулаад байна. Түүнчлэн “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг төлөхөд бэлэн болж, Монголбанканд байршуулсан талаар Ерөнхий сайд мэдээлсэн юм.

Энэ онд гадаад бондын төлөлт харьцангуй бага байсан аж. Харин ирэх онуудаас эргэн төлөлтүүд нэмэгдэж, зарим бондын хугацаа дуусахад ойртож байгаа нь валютын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна.

Монголбанк валютын нөөцийг тодорхой түвшинд хангахад анхаарч байгааг мэдээллээ. Энэ хүрээнд хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн алт тушаалтыг нэмэгдүүлэх арга зам авч байна. Тухайлбал: “Алт-2” хөтөлбөрийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, олон улсын зах зээлээс таван хувиар өндөр үнээр худалдан авч байгаа аж.