Энэ удаагийн COP28 130 орны удирдагчдаас 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх амлалтыг авч чадсан. Сайн мэдээ нь сүүлийн жилүүдэд улс орнуудын цэвэр эрчим хүчний шилжилт төсөөлснөөс хурдацтай явж байна. Төсөөлснөөс л…
Сэргээгдэх эрчим хүч юу болж байгаа билээ?
Олон жилийн туршид бид цахилгаантай, халаалттай байхын тулд нүүрс түлсний гороо уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй гамшигт үзэгдлүүдээр амсаж байна. Энэ удаагийн COP28-н уулзалтаас нүүрсний хэрэглээг зогсоох талаар дорвитой алхам гараагүй. Азаар нар, салхи, ус, цөмийн гээд нүүрсийг орлуулж болох эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдсээр.
- Тухайлбал, нар болон салхины эрчим хүчний хэрэглээ 10 жилийн дотор 9 нэгж хувиар өсөж өнгөрсөн онд нийт эрчим хүчний 12%-ийг бүрдүүлэх болсон. Гэсэн ч газрын тос болон нүүрс нийт эрчим хүчний 80%-ийг бүрдүүлсээр байгаа.
- Хятад: Хятад дэлхийн хүлэмжийн хийн хамгийн их ялгаруулагч орон ч гэлээ сэргээгдэх эрчим хүчний салбарт цойлж яваа улсын нэг. 2021 онд Хятад цахилгаан эрчим хүчнийхээ ¼-ийг сэргээгдэх эрчим хүчнээс хангасан бөгөөд 2025 он гэхэд тус дүн 33%-д хүрэх төлөвтэй байна.
- Америк: Тус улсын нарны эрчим хүчний хүчин чадал энэ онд 32 ГВт–аар нэмэгдэж дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 52% өссөн үзүүлэлт юм.
Нүүрснээс уран руу урагшаа!
Эргээд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх амлалт руу өнгийхөд, өдгөө дэлхий дээр 436 цөмийн эрчим хүчний реактор байгаагийн 93 нь Америкийнх. Тооны хувьд Америк тэргүүлж байгаа ч шинэ цөмийн реактор барих тал дээр Хятадыг гүйцэх орон алга. Хятад одоо байгаа 55 цөмийн эрчим хүчний реактор дээр нэмээд 22-ийг шинээр барьж байгаа. COP28-н амлалтаар бол ирээдүйд илүү олон цөмийн эрчим хүчний эх үүсвэрүүд баригдана. Тэгэхээр,
- Түүхий эдийн ирээдүй: Цэвэр эрчим хүчинд шилжилт эрчимжээд ирвэл уран, зэс, лити тэргүүтэй түүхий эдүүд хаданд байтугай Эверест рүү ч авирах болов уу.
Эцэст нь… Дэлхийн нүүрсний хэрэглээг бууруулах хүсэл одоогийн Монголын хувьд муу мэдээ. Гэхдээ бидэнд уран, зэс байгаа гээд бодохоор дэлхий хаашаа тэмүүлж байна тийшээ чиглэсэн юм бодож байхгүй бол юу юу үгүй л төсөв улайгаад бөөн юм болж байгаа зураглал харагдах шиг.