Ирэх онд уул уурхайн салбар 5 их наяд төгрөгийг улсын төсвийн орлогод оруулна. (2023 оны улсын төсвийн нийт орлого 19 их наяд төгрөг байна.)
Өмнөх онтой харьцуулахад 900 тэрбум төгрөгөөр буюу 18 хувиар өссөн дүнтэй байна. Энэ орлогыг дараах ашигт малтмалуудаас бүрдүүлнэ:
№ | Орлогын төрөл | 2023 оны зорилтот түвшин | |||
Биет хэмжээ | Нэгж үнэ(ам.дол) | Хэмжихнэгж | Дундаж агуулга | ||
1 | Нүүрс | 36.5 /сая тн/ | 144.0 | ам.дол/тн | – |
2 | Зэс | 1.4 /сая тн/ | 8,400.0 | ам.дол/тн | 22% |
3 | Төмрийн хүдэр | 8.4 /сая тн/ | 83.0 | ам.дол/тн | 55-62% |
4 | Алт | 20 /тн/ | 1,830.0 | ам.дол/унц | – |
5 | Газрын тос | 6.5 /сая бар/ | 83.0 | ам.дол/бар | – |
Уул уурхайн салбар ДНБ-ий 25, экспортын орлогын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг тус тус бүрдүүлж байна.
Уул уурхайн компаниуд 70 сая нүүрсийг ч олборлох боломжтой. Гэвч тээвэрлэх боломж, боомтуудаар нэвтрүүлэх чадамж хязгаарлагдмал. БНХАУ жилд дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Манай улс энэ онд 23 сая тонн коксжсон нүүрс гаргасан. Тус улсын коксжсон нүүрсний 30-40 хувийг манай улс хангадаг. Тэд биднээс хоёр л том гарцаар нүүрс авч байна.
Уул уурхайн салбараас орох орлогын төлөвлөгөө /тэрбум төг/
Үзүүлэлт | Зэс | Нүүрс | Алт | Бусад | Нийт |
АМНАТ | 1,189.1 | 927.1 | 165.0 | 233.8 | 2,515.1 |
ААНОАТ | 300.6 | 471.4 | 52.5 | 200.4 | 1,024.9 |
Ногдол ашиг | 435.2 | 121.4 | – | 9.4 | 566.0 |
Гаалийн татвар, хураамж | 161.6 | 78.3 | – | 70.2 | 310.0 |
Бусад | 236.2 | 135.4 | 20.8 | 101.2 | 493.5 |
Нийт | 2,322.6 | 1,733.6 | 238.4 | 614.9 | 4,909.5 |
Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийг урт хугацаанд эрдэс баялгийн нөөцөөр хангах зорилгоор Эрдэнэтийн стратегийн ордын хил зааг дотор өнгөт металлын хэтийн төлөвтэй нийт 99.5 мян.га талбай бүхий 6 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Тус үйлдвэрийн ерөнхий захирлын мэдээлснээр Геологи, хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашигласны үр дүнд Эрдэнэт үйлдвэрийг цаашид 60 жил ашиглах боломжтой болсон мэдээллийг уулзалтын эхэнд өгөв. Эрдэнэтийн баяжмал дахь зэсийн агуулга буурсаар байна. Үүнийг иргэд нөөц буурлаа хэмээн андуурдаг.
Зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Иймд манай улс хэдий зэсийн нөөцтэй ч энэ салбарт гаднаас хөрөнгө оруулалт хийхгүй байна. “Оюутолгой” компанийн 6.5 сая тонн зэсийн баяжмалаас 5 хувийн АМНАТ авч байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулсны дараа “Оюу толгой”-н баяжмал дахь алтанд АМНАТ ногдуулах боломжтой болно.
Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Зэсийн үнэ 1 тонн 5000 ам.доллараас давбал 20 хувийн АМНАТ ногдуулж байна. Сангийн яам энэ тооцоог хийдэг. “Оюутолгой” Тогтворжуулалтын гэрээтэй тул үнээс үл хамааран 5 хувийн, Эрдэнэт 20 хувийн АМНАТ төлдөг.