Энэ жил Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Ер нь бидний Швейцартай харьцдаг харьцаа чинь юун дээр тогтдог билээ?
Алт л тогтоож байна даа
Манайх өнгөрсөн онд экспортолсон $738 саяын үнийн дүн бүхий алтныхаа 89.8%-ийг Швейцар руу гаргасан. Үлдсэн хэсгийг Өмнөд Солонгос руу экспортолсон аж. Цаашлаад Монгол Швейцарын гадаад худалдааг ухвал,
- 99.5% VS 0.5%: Өнгөрсөн онд Швейцар руу $666.3 саяын үнийн дүн бүхий экспорт хийсэн бөгөөд үүний 99.5%-ийг хагас боловсруулсан алт бүрдүүлсэн байна. Харин үлдсэн өчүүхэн хэсэгт сүлжмэл оймс, шоколад ба какао агуулсан хүнсний зүйлс зэрэг барааг экспортолжээ.
- 24 дахин бага: Харин өнгөрсөн оны импортын хувьд экспортын үнийн дүнгээс 24 дахин бага буюу $27.8 сая байгаа юм. Швейцар гэхээр үнэтэй бугуйн цаг бодогддог л биз дээ. Бид ч мөн тэднээс бугуйн цаг импортолдог аж. Мөн мебель, савлах, хатаах, хаяг наах, бөглөх, хийжүүлэх төхөөрөмжийг ч авдаг байна.
- Алтнаас хамааралтай: Монгол Швейцарын гадаад худалдаа алтны зах зээлийн үнээс шууд хамааралтай. 2020 онд тус улстай хийсэн гадаад худалдааны үнийн дүн $1.7 тэрбумд хүрч дээд амжилт тогтоож байв. Учир нь тус онд алтны үнэ 24% өссөн юм. Энэ онд ч мөн алтны үнэ нэлээд өсөөд байгаа. Тэгэхээр Швейцар Монголын гадаад худалдааны дүн өсөж магадгүй.
- Эх сурвалж: Lemonpress.mn