Монгол Улсын гадаад өр 34 тэрбум ам.доллар

2023 оны гуравдугаар улирлын эцэст Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 34 тэрбум ам.доллар байна. Өрийн статистикийг улирлын давтамжтай Олон улсын валютын сангийн Special Data Dissemination Standard /SDDS/ стандартын дагуу гаргадаг. Ингэхдээ

  • Засгийн газар
  • Төв банк
  • Хадгаламжийн байгууллага
  • Бусад гэсэн дөрвөн төрөлд нийт өрийг хуваарилдаг.

Монгол Улсын нийт гадаад өрийн 38 хувийг олон зээлдэгчээс, 34 хувийг Нидерланд улсаас, 11 хувийг БНХАУ-аас, үлдсэн хувийг нь бусад улсаас авчээ. 

ЗАСГИЙН ГАЗАР 2026 ОН ХҮРТЭЛ ӨР ТӨЛӨЛТГҮЙ

Монгол Улсын Засгийн газар 2024, 2025 онд ямар нэг бондын төлөлт хийх хуваарьгүй болсныг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдсэн. Тодруулбал тэрбээр “2020-2024 онд Засгийн газар болон Хөгжлийн банкны нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөр төлөх хуваарьтай байсан. Үүний зохицуулалтыг 100 хувь амжилттай хийж, нэг тэрбум долларыг төлж барагдууллаа.

2.6 тэрбум долларын хугацааг хойшлуулж, хүүг тодорхой хэмжээгээр буулгаж чадсан. Энэ хугацаанд оногдох 886.3 сая ам.долларын хүү төллөө” гэсэн юм. Ингэснээр 2026 он хүртэл валютаа нөөцлөх боломжтойг онцолсон.

Засгийн газрын гадаад өр 2023 оны гуравдугаар улиралд 7.9 тэрбум ам.долларт хүрснээс 74 хувь буюу 5.8 тэрбум нь хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, үлдсэн хувь нь бондын өр төлбөр байгаа юм.

Засгийн газар 2012-2023 онд олон улсын зах зээл дээр нийт 6 тэрбум 650 сая ам.долларын бондыг арилжсан. Үүний 4 тэрбум 8 саяыг нь эргэн төлсөн бөгөөд одоогоор нэрлэсэн дүнгээр 2 тэрбум 642 сая ам.долларын бондын өрийн үлдэгдэл байна. 

“Чингис” бондыг төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор 2012 онд арилжаалсан бол “Димсам”, “Мазаалай” бондуудыг төсвийн алдагдал нөхөх зорилгоор гаргасан. Дараа дараагийн бондуудыг өрийн менежмент, дахин санхүүжилтэд ашигласан. Товчхондоо “Чингис” бондоос бусдыг нь “өрийг өрөөр дарахад” ашигласан гэж болно. 

Харин хадгаламжийн байгууллага, бусад салбар болон шууд хөрөнгө оруулалтын гадаад өрийн үлдэгдэл өмнөх оны гуравдугаар улирлын байдлаар 24.2 тэрбум ам.доллар байна. Төв банкны гадаад өр 1.9 тэрбум ам.доллар. 

Хадгаламжийн байгууллагын гадаад өр 1.6 тэрбум ам.доллар байгаагаас 85 хувь нь зээл, 8 хувь нь өрийн бичиг, 7 хувь нь харилцах, хадгаламжийн өр төлбөр байгаа аж. Салбарын ангиллаар харвал, 75 хувь буюу 18.1 тэрбум ам.долларыг уул уурхай, 11 хувийг буюу 2.6 тэрбумыг санхүү болон даатгалын салбар тус тус эзэлж байна. 

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ БА ИНФЛЯЦ

Хүнс, шатахууны үнэ буурч, дотоодод мөнгөний хатуу бодлогыг баримтална гэж үзвэл 2024 онд инфляц дунджаар 9.1 хувьд хүрнэ гэсэн тооцооллыг Дэлхийн банкнаас хийсэн. Гэсэн хэдий ч хэрэглээний зээл өндөр байх нь цалингийн өсөлт, инфляцад нөлөөлөх гол хүчин зүйл болж болзошгүй юм. 

Банкнуудын зээлийн үлдэгдэл 2023 онд өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсөж, 27.1 их наяд төгрөгт хүрсэн. Үүнд байгууллагын зээл 13 хувиар өсөж 11.5 их наяд, иргэдийн хэрэглээний зээл 33.1 хувиар өсөж, 15.4 их наяд төгрөг болсон байна. 

Нийт зээлийн үлдэгдлийн 6.1 хувь нь гадаад валютаар олгосон зээл байна. Түүнчлэн чанаргүй зээлийг барилгын болон уул уурхайн салбарт голчлон олгожээ.