Эхний ээлжид энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалын 5-10 хувийг худалдана
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэс, молибдений баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Ингэснээр “Монголын Хөрөнгийн бирж” ХК-иар зэс, молибдений баяжмал, бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзжээ.
Тогтоол батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн болон молибдений баяжмалыг Уул уурхайн биржээр арилжих үүрэг хүлээнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж тус үйлдвэрийн газрыг 2024 онд эхний ээлжид уул уурхайн бүтээгдэхүүний биржээр таван хувийг арилжих чиглэл хүргүүлжээ.
Өнөөгийн байдлаар зэс, молибдений ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж. Тус үйлдвэрийн газар 2024 онд зургаан аж ахуйн нэгжид зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид молибдений баяжмал нийлүүлэх гэрээтэй байна.
Харин “Оюу Толгой”-ийн зэсийг биржээр худалдах эсэхийг ирэх долоо хоногт Канад улсад болох PDAC чуулганы үеэр хэлэлцэхээр болсон байна.
Цаашид 2025 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу Толгой” компанийн зэсийн баяжмалын 30-40 хувийг Уул уурхайн биржээр арилжих зорилт тавиад байгаа аж.
Цаг хугацааны хувьд Вьетнам, Чех, БНХАУ, БНСУ зэрэг улсын боломжит худалдан авагчидтай гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг хийх бөгөөд хэлэлцүүлгээр яг хэзээнээс худалдаж эхлэхийг шийдвэрлэх юм байна. Мөн Уул уурхайн биржээр арилжсан зэс, молибдений баяжмалд ногдуулж буй АМНАТ-ийн татварыг тухайн биржийн үнээс авахаар шийдвэрлэжээ.